+976 7011 2844 info@militarymuseum.mod.gov.mn
+976 7011 2844 info@militarymuseum.mod.gov.mn

ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРИЙГ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ 44 ДЭХ ЖИЛДЭЭ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРИЙН ТУХАЙ

ОХУ-ын Москва хотноо 1977 онд болсон Олон улсын музейн зөвлөлийн Ерөнхий ассамблейн тогтоолоор “Олон улсын музейн өдөр”-ийг албан ёсоор анх бий болгосон түүхтэй. Уг тогтоолд музейн өдрийн зорилгыг “Музейнүүдийн бүтээлч хүсэл эрмэлзлэл, хүчин чармайлтыг улам нэгтгэх болон тэдгээрийн үйл ажиллагаанд дэлхий дахины анхаарлыг хандуулах” гэж заасан байна.

  Олон улсын музейн өдөр нь  “Музей соёлын солилцоог өрнүүлэх, баяжуулах, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг хөгжүүлж, энхтайвныг тогтоох чухал арга зам мөн” гэсэн санааг  нийгэмд хүргэх, илүү өргөнөөр таниулах утга агуулгатай юм.

 Олон улсын музейн зөвлөл /ICOM/ нь жил бүрийн 05 дугаар сарын 18-ны өдөр “Олон улсын музейн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь дэлхийн музейнүүдийн хувьд нэгдэн нягтрах, нэгэн уриа үзэл санаан дор үйл ажилагааг явуулах нийгмийн анхаарлыг хандуулах ховор боломж юм.

Энэ өдрийг тохиолдуулан музейнүүд үзэгчээ татах, нийгмийн хөгжлийн төлөө үйлчилдэг музейн үүргийг онцлон таниулах зорилгоор тухайн оны уриа-сэдвийн хүрээнд бүтээлч үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлдэг уламжлалтай.

ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ЗӨВЛӨЛ БУЮУ ICOM

            Олон улсын музейн зөвлөл нь дэлхийн байгаль, соёлын өв, соёлын биет болон биет бус өвийг судлах, хадгалан хамгаалах, уламжлуулан нийгэмд түгээн хүргэх үүрэг хүлээсэн музей, музейн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг дэмжин түгээдэг, нийгэмд үйлчилдэг олон улсын байгууллага юм.

            Зөвлөл нь гишүүнчлэл бүхий холбоо, төрийн бус байгууллага бөгөөд музейн үйл ажиллагааны мэргэжлийн болон ёс зүйн стандартыг тогтоодог.

Музейн мэргэжилтнүүдийн форум болохын хувьд соёлын өвийн холбогдолтой асуудлаар зөвөлгөө өгч, музейн чадавхыг сайжруулах болон ажилтнуудын мэдлэгийг хөгжүүлэх ажлыг дэмждэг.

 Олон улсын музейн зөвлөл нь музейн мэргэжилтнүүдийн дуу хоолойг олон улсын түвшинд гаргаж, дэлхий даяарх сүлжээ ба хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийн тусламжтайгаар олон нийтийн соёлын мэдлэг мэдээллийг дээшлүүлж байна.

ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ЗӨВЛӨЛИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХОРОО БАЙГУУЛАГДАЖ,  МУЗЕЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЖ ИРСЭН НЬ

Монголын музейнүүд нэгдэн Олон Улсын музейн өдрийг 1998 онд Монгол цэргийн музейд анх удаа тэмдэглэсэн түүхтэй бөгөөд 2003 онд Олон улсын музейн зөвлөлийн Монголын Үндэсний хороо байгуулагдсан цагаас хойш тасралтгүй 18 дахь жилдээ Олон улсын музейн өдрөөр тодорхой сэдвийн хүрээнд олон нийтэд хандсан үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.  

Олон Улсын музейн зөвлөлөөс жил бүр онцлох уриа гарган түүний дагуу үйл ажиллагаагаа төлөвлөн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулан, уриатай холбоотой зурагт хуудас гарган сурталчилж, дэлхий нийтээрээ тухайн урианд нийцуүүлсэн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх зөвлөмжийг гаргадаг.

2021 ОНЫ ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР

2021 оны энэ өдөр нь: “Музейн ирээдүй: Сэргээе, Шинээр төсөөлье” хэмээх  уриан  дор зохион байгуулагдах бөгөөд дараах үндсэн 4 сэдвийг судлах, суралцах, хэрэгжүүлэхийг Олон улсын музейн зөвлөлөөс уриалж байгаа юм.

1.Дижитал шилжилт

Дижитал технологи нь музейн олон нийттэй харилцах, хамтрах тоолж баршгүй олон боломжийг бий болгож байна. Соёлын болон боловсролын ертөнцийн хамтын ажиллагаа харилцан үр өгөөжтэй байдаг. Цар тахлын нөлөөнд музейн боловсролын ажил сургуулиудын нэгэн адил өртөж байгаа бөгөөд дижитал технологийг энэ чиглэлээр хөгжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Энэ хамтын ажиллагаа шүүмжлэлт сэтгэлгээ, идэвхтэй иргэн ба сайн сайхан байдал зэргийг урамшуулан идэвхжүүлж байдаг онцлогтой.

2. Нийгэмд ач холбогдолтой, дэмжих чадвартай байх

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараа музейнүүдийн хувьд тухайн нутгийн хүн амд анхаарч, нийгэмд чиглэсэн хамтарсан төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарах нь зүй ёсны асуудал юм. Иймд музейнүүд харилцан яриа өрнүүлэх, туршлагаа хуваалцах, бүгдэд нээлттэй, бүгдийг хамруулсан, ардчилсан орон зай байх суурь үүргээ хэрэгжүүлж цар тахлын нөлөөг багасгах нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх ёстой болоод байна.

3. Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах

Музейнүүд НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хангах үйл хэргийг дэмжих ховор боломжтой байгууллагуудын нэг юм. Мэдлэгийн найдвартай эх үүсвэрийн хувьд соёлын байгууллагууд, музейн цуглуулга нь тогтвортой хөгжлийн зорилгууд болон тулгамдаж буй нийтлэг сорилтуудын багц асуудлууд гэж үзэж, өнөөгийн ертөнц ба хүсч буй ирээдүй хоёрын нэгдлийг хангах бөгөөд энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлэхийг шаардаж байна.

4. Бизнесийн шинэ загварууд

Дэлхий нийтэд тархсан цар тахалд хамгийн их өртсөн салбарын нэг нь соёлын салбар юм. Гэвч эдгээр нь тус салбарт өөрчлөлт ба инновацийг нэвтрүүлэх боломж ч болох юм. Цар тахлын үед музей үзэх, сурталчлах шинэ шинэ боломжийг хайх, гарц олох нь бизнесийн шинэ загварыг гаргах арга зам болж байна.

 Үүний зэрэгцээ соёлын салбарт хандах хандлагыг шинэчлэх, хэрэгжүүлэх шинэ арга зам, шинэ түншлэл ба шинэ ур чадварыг эзэмших, хэрэгжүүлэхийг музейн мэргэжилтнүүдээс шаардаж байна.

“МУЗЕЙН ИРЭЭДҮЙ: СЭРГЭЭЕ, ШИНЭЭР ТӨСӨӨЛЬЕ” 2021 ОН

Монгол цэргийн музейгээс энэ жилийн Олон Улсын музейн өдрийг угтан дараах  чиглэлүүдээр  үйл ажиллагаагаа сурталчлан, олон нийтэд таниулах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байна.

Цахим орчинд сурталчлах: Цар тахлын үед биеэр ирж үйлчлүүлэх боломжгүй тул музейн фэйсбүүк хуудас, инстаграмм болон youtube сувгийг идэвхитэй ашиглаж цахим хаягуудадаа тулгуурлан музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрийн дээжсээс танилцуулан, музейн үзүүллэгийн танхимуудаар аялах 360 бичлэгийг хийж цахим орчинд байршуулж олон нийтэд үйл ажиллагаагаа хүргэх;

            Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тулгуурлан үйл ажиллагаагаа сурталчлах: Музейн олон нийтийн ажлын онцлог, өдөр тутмын үйл ажиллагааны талаар болон музейн холбогдолтой мэдээ мэдээлэл бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилах;

Музейн ажилтан албан хаагчдад чиглэсэн үйл ажиллагаа:  Музейн албан хаагчдад зориулсан эерэг хандлага, зөв төлөвшил  хувь хүний хөгжил нь  байгууллагын хөгжилд хэрхэн нөлөөлөх нь сэдэвт сургалтыг явуулах;

Монгол цэргийн музей нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү цахим болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд Монгол Улс, Монгол цэргийн түүх, дайчин уламжлал, музейн үйл ажиллагаа, түр үзэсгэлэн, үзмэр, эд өлгийг цувралаар сурталчлан таниулж, түүгээр дамжуулан цэргийн түүхийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа тул үзэгч та бүхнийг бидний цахим хаягуудаар орж мэдэээл авч, санал бодлоо хуваалцахыг урьж байна.

 Олон улсын музейн өдрийн нэг онцлог нь орон орны музейн ажилтнууд баярын өдөр гэхээсээ илүүтэй нийгэмд чиглэсэн олон талт үйл ажиллагааг төрөл бүрийн хэлбэрээр зохион байгуулж, тэр өдөр нийгмийг бүхэлд нь музейн үйл ажиллагааг танин мэдүүлэх, онцлогийг ойлгуулах мэргэжил сурталчлах арга хэмжээнд чиглүүлэн  явуулдагаараа бусад баярын өдрөөс ялгардаг юм .

Санал нэгдэх
Мэдэгдэнэ үү
guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Хамгийн их санал өгсөн
Бүх сэтгэгдэлийг харах
1
0
Энэ талаархи санал хүсэлтээ үлдээнэ үүx
()
x