+976 7011 2844 info@militarymuseum.mod.gov.mn
+976 7011 2844 info@militarymuseum.mod.gov.mn

ЗАХИРАЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Монгол цэргийн музейд тавтай морилно уу.

Эрт үеэс өнөөг хүртэл өвлөгдөн ирсэн Монгол цэргийн түүхэн замнал, дайчин  уламжлал мэдлэг ухааны их санг дэлхий нийтэд түгээх, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх чин зорилгоор урагш тэмүүлэн ажилладаг музейн хамт олноо төлөөлөн эрхэм үзэгч тантай мэндчилж буйдаа баяртай байна. Бид Монгол цэргийн түүх, соёлын онцлогыг хадгалан хамгаалж, судлан дэлгэрүүлж,  улмаар хойч үедээ өвлүүлэх, музей-соёл үйлчилгээг чанартай хүргэн эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрхэлж хөдөлмөр бүтээлийн арвин туршлага хуримтлуулан, ирээдүйд хийх, бүтээх их хүсэл тэмүүлэлээр дүүрэн ажилладаг.

Монгол цэргийн музейн цахим хуудсаараа дамжуулан мянга мянган жилийг өртөөлөн ирсэн өвөг дээдсийнхээ дайчин уламжлал түүх соёл, музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг хосгүй үнэт олдвор, үзмэрүүдийнхээ дээжисээс түүвэрлэн дэглэж олон түмэнд үзүүлдэг байнгын болон түр үзэсгэлэнгүүд, музейн боловсрол, олон нийтийн хөтөлбөр, музейн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт, цаг үеийн мэдээ мэдээллийг түгээх болно.

Та бүхэн Монголын Цэргийн музейн цахим хуудсаар зочлон, Монгол  цэргийн түүх соёлоор бахархан, өвөг дээсдийнхээ эх оронч дайчин уламжлалын түүхтэй танилцан, мартагдашгүй дурсамж дүүрэн аялахыг та бүхэндээ хүсч байна.

Дэлхийн талыг морин туурайгаараа тамгалсан Монгол цэргийн яруу алдар өвөг дээдсийн минь буян заяа, босоо хийморь та биднийг үргэлж ивээх болтугай.

Монголын Цэргийн музейн Захирал                              Хурандаа Д.Ганзориг