Монгол Цэргийн Музей нь 9600 гаруй цуглуулгатай. Байнгын үзүүллэгийн 4-н танхим, гадна ил тайлбайн зэвсэг, техникийн үзүүллэг, түр үзэсгэлэнгийн танхимтайгаар үйл ажиллагаа явуулж жилдээ 20 гаруй мянган үзэгч хүлээн авч монгол цэргийн түүхэн замналыг сурталчилан түгээн ажиллаж байна.
Тус музей нь нийгмийн бүх бүлэгт музейн үйлчилгээг тэгш хүргэх үүднээс мэдээллийн саадтай буюу харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль тайлбар, сонсголын бэрхшээлтэй иргэдэд дохионы хэлний тайлбартайгаар үйлчилж байна.
Үзүүллэгийн “ЭРТНИЙ ТҮҮХИЙН” танхим нь хуучин чулуун зэвсгийн дээд шатнаас Манжийн эрхшээлийн үе хүртэлх он цагийн хүрээнд хамаарагдах болно.
Тус танхимааас МЭӨ IX – VII зууны хүрэл дуулга, хутга, сүх, Хүннү гүрний цэргийн хүрэл тоногтой суран бүс, олон зууны туршид чанаржин хөгжиж ирсэн төрөл бүрийн зориулалтын сумны зэвүүд, бие хамгаалах хэрэгслэлүүд, дундад зууны үеийн чонын сийлбэртэй хотгор илд, 1372 оны хүрэл галт буу,XVI-XVII зууны үеийн харуулын цэргийн дээл зэрэг олон сонирхолтой эртний ховор үзмэрүүдийг үзэх болно.
Үзүүллэгийн “Шинэ түүхийн” танхим нь 1911 оноос өнөөг хүртэл Монголын Зэвсэгт хүчний үүсэл хөгжлийн түүхэн замналыг өгүүлнэ. Шинэ түүхийн танхим нь дараах хэсгүүдээс бүрдэж байна.
1911 он буюу Богд хаант Монгол Улсын үе
1921 оны Ардын хувьсгалын үе
1930-д оны МАХЦ
1939 оны Халхын голын дайн
1945 он Аугаа их Эх орны дайнд Монголчуудын оролцоо, Чөлөөлөх дайн
1948 оны Баруун хилийн зэвсэгт тулгаралт
1956-1990 оны Монголын Ардын Арми
1991 оноос өнөөг хүртэлх Монголын Зэвсэгт хүчин, Энхийг дэмжих ажиллагаанд Монгол цэрэг
Цэргийн төрөл мэргэжлийн танхим
Энэ танхимд Цэргийн холбоо, Артиллерийн цэрэг, Улсын агаарын довтолгооноос хамгаалах цэрэг, Цэргийн улс төр, Ар талын түүхийг толилуулсанаас гадна Монголын Ардын Армид ашиглагдаж байсан буудлагын зэвсэг, багаж хэрэгсэл зэрэг олон сонирхолтой үзмэрүүдийг дэглэн үзүүлсэн.
Хүндэтгэлийн танхим
Гадна ил талбайн үзүүллэг
Монголын Ардын Армид ашиглагдаж байсан зэвсэг, техникүүдийн түүхтэй танилцах болно.