+976 7011 2844 info@militarymuseum.mod.gov.mn
+976 7011 2844 info@militarymuseum.mod.gov.mn

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монголын төр, ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүх, үе үеийн эх орончдын байгуулсан гавъяаг ард түмэнд таниулах, цэргийн түүхэнд холбогдох эд өлгийн хайгуул судалгаа хийж, сурвалжлан олох, хадгалж хамгаалах, судлах, дэглэн үзүүлэх, Монгол төрийн батлан хамгаалах бодлого шийдвэрийг сурталчлан таниулахад оршино.

МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Цэргийн түүх бол Монголын түүхийн салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг төдийгүй нүүдэлчдийн соёл иргэншил, хүн төрлөхтний түүхийг судлахад зайлшгүй харгалзан авч үзвэл зохих үнэт зүйл мөн. Монголын ард түмний цэрэг эх оронч уламжлал, Монгол Цэргийн түүх яндашгүй арвин билээ.

Монгол Цэргийн Музей нь энэхүү арвин баялаг түүхийн дурсгалт эд өлөг, баримт материалыг цуглуулах, хадгалж хамгаалах, судлан шинжлэх, сурталчилах үүрэг, зорилт бүхий судалгаа, сурталчилгаа эрдэм шинжилгээний, соёлын байгууллага юм. 

Тус музейг байгуулах талаар анх ЦЯЯ ны сайд, Бүх Цэргийн Жанжин маршал Г.Дэмид /1932–1937онд/ санаачилан тухайн үед тушаал шийдвэр гаргаж байсан хэдий ч хараахан бодит ажил болж амжаагүй байна. Улмаар 1966 онд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 2 тоот тогтоолоор МАА–ийн музей байгуулах шийдвэр гарснаар цэргийн музей байгуулагдах ажил эхэлсэн түүхтэй. 

СнЗ –ийн “Монгол Ардын Армийн цогцолбор байгуулах тухай тогтоол 1987 онд гарснаар өнөөгийн Монгол Цэргийн Музей байгуулагдах эхлэл тавигджээ. Дээрх шийдвэрийн дагуу Батлан хамгаалахын сайдын 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 42 тоот тушаалаар МАА-н музейн түр орон тоог 18 хүний бүрэлдхүүнтэйгээр баталсан юм. МАА музей анх Офицеруудын ордны 2 давхарт байрлан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

БНМАУ-ын БХЯ, Засгийн Газрын дэргэдэх соёл урлагийн хөгжлийн хорооны 1991 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн хамтарсан тушаалаар Монголын Ардын Армийн Музейг “Монгол Цэргийн Музей“ хэмээн нэрлэж цэргийн музейнүүдийн тэргүүлэх музей болгохоор заасан байна. 

Монгол Цэргийн Музейн барилгын ажлыг Ардын Армийн 022, 158 дугаар ангиуд хийж гүйцэтгэсэн бөгөөд 1996 оны 3 дугаар сарын 15–нд Монгол Цэргийн музейн нээлтийн ёслолын ажиллагаа болж анхныхаа үзэгчдийг хүлээн авч, үйл ажиллагаа тасралтгүй явуулсаар ирлээ. 

ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын дурсгалын музей 1979 онд байгуулагдаж, 1990 онд Монгол цэргийн музейн харьяанд орсноор өнөөг хүртэл үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.

Монгол Цэргийн музей нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 39 дүгээр зарлигаар “Цэргийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор шагнагдсан.